2 Feb 2011

Хөөрөгний тухай

Хүн төрөлхтөн анх 16-17 дугаар зууны үед хамрын тамхи гээчийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сvvлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зvтгэлтнvvдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг. 17-р зуунд тэндээсээ зvvн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бvрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, vvндээ шил, шаазан гэх мэт төрөл бvрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Тvвд , Монголд хөөргийг хийж ихэд хэрэглэх болсон бөгөөд Тvвдэд янз бvрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ.

Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болжээ.Хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болжээ. Мaонгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байдаг. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт,хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг.

Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байсан нь аажимаар өөрчлөгдөж өнөөгийн хэлбэрт иржээ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан болов уу. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас vнэт, гоёл чимэглэлийн чулуунуудыг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Yvнд чvнчигноров, гартаам, мана, хаш зэрэг олон төрлийн чулуунууд орох бөгөөд сvvлийн vед манайд байдаггvй чулууг авчруулан хөөрөг хийлгэх болсон байна.

Гартаам мана

Баячууд цагаан өнгийн хөөргөөр гоёсон хэвээр байна. Хаш хөөрөг бусад үнэт чулуунаас хатуулгаараа илүү. Мөн байгаль дээрээс тэр бүр томоороо нь олборлох нь ховор. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь тун бага. Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэтэй. Хаш эдэлдэг хүний яс хугарч бэртдэггүй гэж ярьдаг.

Шүрэн хөөрөг


Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голдуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Шүрэн хөөргийг голдуу эмэгтэйчүүд барьдаг байжээ. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна.


Мана хөөрөг


Мана чулууны хувьд олдоц ихтэй, энэ чулуугаар хийсэн хөөрөг олон байдаг тул төдийлөн үнэ хүрдэггүй. Энэ утгаараа ч тэр үү ийм хөөргийг жирийн иргэд илүүтэй барьдаг. Манан хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг. Саа өвчин тусч ам, нүүр нь муруйсан хүн гартаам хөөргөөр нүүрээ зөөлөн үрсээр эдгэсэн тохиолдол байдаг байна.


Чүнчигноров хөөрөг


Чүнчигноровыг монголчууд доржплам гэж нэрлэх нь бий. Хүний биед үүссэн элдэв яр, шархыг чүнчигноровоор үрж эдгээдэг домтой. Хуучны улсуудын хэлсэнээр мэдрэлийн цочмог өвчинөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ үед жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчилдэг аж.


Сүүжин хөөрөг


Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьсан хүн хөөргөөрөө нүдээ илвэл нүдний хараа сайжирдаг гэж ярьдаг.

Эх сурвалж: mongoldarhan.blog.banjig.net

Д.Пүрэвсүрэн: ЭЗЭН Нь БАХАРХАН ХЭРЭГЛЭХ САЙХАН ЭД УРЛАХ НЬ ДАРХАН ХҮНИЙ МӨРӨӨДӨЛ

Урт цагааны баруун урд байрлах үнэт эдлэлийн “Хөөрөг” дэлгүүрт олны хөл тасардаггүй. Үнэт эдлэл худалдаж авахаас гадна монгол дархны ур ухаан шингэсэн дахин давтагдашгүй эдлэл урлуулах гэж эднийхийг зорих хүн олон. Дархчуудын дунд “Уран Пүүжээ” хэмээн нэрлэгдсэн дархны урлан энд байдаг юм. Тэдний урланд зочиллоо.

-Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Таны ур ухаан хаанаас эхтэй вэ?

-Ээж маань гар урлалын үйлдвэрт ажилладаг байлаа. Ээжийгээ дагаж ажилд нь очсоор байгаад дархны ажлыг сонирхох болсон доо.

-Дархны эрдмийг хэнээр заалгав?

-Миний багш улсын начин, алдарт уяач, дархан Г.Ганхүү гэдэг хүн бий. 16 настайдаа багшдаа хадаг барьж шавь орж байлаа. Багш маань дархны эрдмээс гадна монгол жаяг ёс, монгол дархны ёс зүй гэдгийг зааж өгсөн. Мөн зураач, барималч Намсрай, дархан Батзориг, Батжаргал, эдийн засгийн ухааны доктор Гомбо нарын олон сайхан багш бий.

-Багш тань монгол дархан ямар ёс зүйтэй байх ёстой гэж сургадаг байв?

-Энэ олон кг мөнгө, олон лан алт, төрөл бүрийн эрдэнийн чулуун дунд сууж, эднээр тансаг сайхан эдлэл хийнэ гэдэг буянтай хүний ажил. Өвөг дээдсээс үе дамжиж ирсэн үнэ цэнэтэй, эрхэм нандин зүйлээ авчирч юм хийлгэж байхад нь дархан хүн асар хариуцлагатай хандах учиртай. Алдаж асгаж, эвдэж хэмхэлж, сольж хольчих вий. Хүний өгсөн алт, мөнгөний хэмжээ нь адилхан байсан ч хооронд нь сольж, хольж болохгүй. Өөрийнх нь юмаар л хийж өгч бай. Нүнжигтэй юм хийж өг. Нүд хуурсан, нимгэн хуурамч юм хийж өгч болохгүй гэж сургасан.

Сайн багшаар дархны эрдэм заалгасных, би аливаа зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Сэтгэлээсээ хийсэн зүйл сайхан бүтээл болдог юм. Илүү ашиг олъё гэж бодож хийвэл олигтой болохгүй. Сүүлийн үеийн мөнгөн аягыг хар л даа. Орц нь багасаж, мөнгө нь нимгэрээд мөнгөн аяга биш, бэлэг дурсгалын зүйл боллоо шүү дээ. Шилэн хоргонд тавиад л харж суудаг, эдлэх юм бол цоорчихдог болсон. Энэ бол бизнес хэт хөөсний шинж. Би хийвэл хийсэн шиг хийхийг боддог. Аавын минь өвлүүлсэн эд гээд гаргаад хүнд үзүүлэхэд ичмээр, хаяж болохгүй, авч болохгүй юм хийчихвэл дархан гэж яваад яах вэ.

-Ихэвчлэн ямар бүтээл хийдэг вэ?

-Эхлээд багштайгаа хамтарч бөхчүүд, уяачдын малгайн оройн титэм, тэмдэг хийдэг байсан. Дараа нь аяга хийдэг болж, “аяганы Пүүжээ” гэдэг нэр авсан. Бас бүс хийсэн. Одоо бол эмээл, хазаар, аяга, бүс гээд уламжлалт хэрэглээний эдлэлийг түлхүү хийж байгаа. Сүүлийн үед чулуу сонирхож, хөөрөг хийж байна. Өөрсдөө чулууны цехтэй болсон.

-Алт мөнгөний дархны сонирхлыг чулуу юугаараа татав?

-Дэлхий нийтээрээ чулууг сонирхож байна. Чулуу бүхэн өөрийн энергитэй. Үүнийг атгахад байгалийн энерги авах шиг санагддаг. Дэлхийн сайн чанарын мана Монголд байдаг. Гэтэл хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэж чулууг үнэгүй шахам гадагш нь зөөж байгаад харамсдаг. Хөрөг гэдэг дээшээ харсан сав. Хөөрөгний хэлбэр хийц, донж маяг нь дахин давтагддагг үй. Би хөөрөгний эх орон Англид үзэсгэлэн гаргах юмсан гэж мөрөөддөг.

-Дархны газарт чинь хэдэн дархан ажилладаг вэ?

-Би нэг ахтай, гурван дүүтэй. Ах, дүү нартайгаа нийлж, Урт цагаан дээр алт мөнгөний дархан хийж байлаа. Бид энэ хавиар подваль түрээсэлж, олон жил явсан. Тэгээд өнгөрсөн жилээс компани байгуулж, “Хөөрөг” гэдэг дэлгүүр нээсэн. Бид Урт цагааны орчимд 20-иод жил болж байгаа. “Дассан газрын даавуу зөөлөн” гэж эндээ л баймаар санагддаг юм. Дархны газраа өргөжүүлж, 20 орчим дархан ажиллуулж байна. 10-аад хүүхэд дагалдуулж сургаж байгаа. Хүүхэд залууст дархны эрдэм зааж сургаж, сайхан юм хийе, сайхан амьдаръя гэсэн хүсэл зорилготой хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн байна. Сүүлийн үед бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлаад байх шиг. Зүгээр сууж байгаад хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй хүн олон байна. Залуус хөдөлмөрлөж мөнгө олохын амтыг мэдрээсэй. Юм хийж байгаа хүнийг одоо үнэлж эхэлж байна. Ажил хийж байгаа хүний амьдрал дээшилж байна шүү дээ.

-20-иод жил дарх хийхдээ хэчнээн бүтээл урласан бол?

-Дунджаар 7-8 мянган хүнд юм хийж өгсөн. Манайх баярын үеэр их ачаалалтай болчихдог. Намайг дарх хийж эхэлсэн үеэс үйлчлүүлсээр ах дүү шиг болчихсон байна ирдэг хүмүүс олон. Тэд маань баярын үеэр цагийг нь тулгаж ирээд “Чамайг л зориод ирлээ” гэхэд үгүй гэж хэлж чадахгүй их хэцүү байдаг. Бид цөөхүүлээ, үйлчлүүлэгч олон болохоор амжихгүй. Нэг уйтгартай нь баяр ёслолын үеэр гэртээ байж чаддаггүй. Захиалгад дарагдчихаад дархны газартаа сууж байдаг.

-Танай брэнд бүтээгдэхүүн “Бадар хундага” гэж гоё аяга байдаг тухай сонсож байсан?

-Бадамлянхуа цэцгэн хэлбэртэй алтан аяга байдаг юм. Дотор ёроолд нь ирээдүй, урт удаан амьдралыг бэлгэдсэн тугалан заан товойлгож хийсэн. Аяганд сархад хийхэд заан нь хөдөлж буй мэт харагддаг юм.

-Бүтээлүүдээрээ үзэсгэлэн яармагт оролцдог уу?

-Тун цөөхөн оролцсон доо. Толгой өндийх завгүй ажилтай сууж байтал үзэсгэлэн яармаг болоод өнгөрчихдөг юм. Манайх “Шилдэг үйлдвэрлэгч” гэсэн өргөмжлөл, цом авч байсан.

-Бүтээлүүдийнхээ загварыг яаж гаргадаг вэ. Хүмүүсийн захиалснаар хийх үү?

-Онгод орно гэдэг нь ч юм уу, сэтгэлийн баяслаар гоё санаа орж ирэх үе бий. Гоё чулуу харахад ч юм уу, үнэхээр гоё юм хийлгэе гэсэн сайхан энергитэй хүн ирэхэд сэтгэл хөдөлдөг. Хэчнээн дараалалтай байсан ч хамаагүй, хүлээж байгаад хийлгэе, ийм л гоё юм хийлгэмээр байна гэсэн хүн орж ирэхэд сайхан санагдаж эрч хүч авдаг. Хүн тэгж орж ирэхэд муу юм хийж өгч болохгүй шүү дээ.

-Үйлдвэрлэл эрхлээд явахад бэрхшээлтэй зүйл тохиолдож байна уу?

-Монголд сайхан юм үйлдвэрлэвэл авч эдэлье гэсэн хүмүүс байна. Харин сайхан эд хийдэг уран бүтээлч нь цөөдөөд байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлье, хүн ажилд авъя гэхээр шаардлага хангах хүн ирэхгүй юм. Уг нь манайх тийм өндөр шаардлага тавьдаггүй шүү дээ. Сайн ажилладаг залуус Солонгос руу явж, тэнд эрүүл мэндээ золиослон хамгийн хүнд хэцүү ажлыг нь хийж байна. Монголдоо илүү ихийг бүтээх боломж байсаар байтал өнөө маргаашийн 2-3 мянган долларын цалинд хууртаж тийшээ явмааргүй санагддаг. Энэ газар нутгийн эзэд нь ийш тийшээ тарж яваад, гаднынхан нутагт маань эзэн суучихаад байна шүү дээ.

Сайхан амаръя гээд хөдөө явахаар гадаадын компаниудын лицензтэй талбай гээд хөөж туугаад тайван ч явуулахгүй болсон байна билээ. Заримдаа энэ газар шороо хэнийх вэ гэдэгт эргэлзмээр болчихоод байна. Сар бүр 21 мянган төгрөг тарааж байхын оронд орчин үеийн томоохон үйлдвэр байгуулчихвал улс орон, ард түмэнд хэрэгтэй шүү дээ. Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөг Монголын дархчууд цутгаж чадна. Даанч цутгуурын ганц ч үйлдвэр байхгүй болохоор Хятадад цутгуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Ингэж байтал а ш и г т малтмал, алт, нүүрс маань дуусвал яах вэ.

Нэг өдөр хятадууд монголчуудыг визтэй оруулдаг боллоо гэвэл яах вэ. Ганц гайгүй гутлын үйлдвэргүй юм чинь олон хүн гуталгүй явах болно доо. Надад хийе, бүтээе гэсэн их хүсэл байна. Монгол дээл, гутлын үйлдвэр байгуулмаар байна. Өөрөө бүх зүйлийг хийж өдий хүрсэн болохоор бүгдийг хийчихмээр санагдах юм. Би одоо томоохон үйлдвэр байгуулмаар байна. Гэтэл надад зээл олдох уу, үгүй юү. Манайх банк бус санхүүгийн байгууллагаас л зээл авч байснаас банкнаас зээл авч байгаагүй. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл гэдгийг нь авахын тулд олон шат дамжиж, олон хүнээр гарын үсэг зуруулдаг. Амар олдохгүй юм билээ.

Х.Уянга