2 Feb 2011

Д.Пүрэвсүрэн: ЭЗЭН Нь БАХАРХАН ХЭРЭГЛЭХ САЙХАН ЭД УРЛАХ НЬ ДАРХАН ХҮНИЙ МӨРӨӨДӨЛ

Урт цагааны баруун урд байрлах үнэт эдлэлийн “Хөөрөг” дэлгүүрт олны хөл тасардаггүй. Үнэт эдлэл худалдаж авахаас гадна монгол дархны ур ухаан шингэсэн дахин давтагдашгүй эдлэл урлуулах гэж эднийхийг зорих хүн олон. Дархчуудын дунд “Уран Пүүжээ” хэмээн нэрлэгдсэн дархны урлан энд байдаг юм. Тэдний урланд зочиллоо.

-Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Таны ур ухаан хаанаас эхтэй вэ?

-Ээж маань гар урлалын үйлдвэрт ажилладаг байлаа. Ээжийгээ дагаж ажилд нь очсоор байгаад дархны ажлыг сонирхох болсон доо.

-Дархны эрдмийг хэнээр заалгав?

-Миний багш улсын начин, алдарт уяач, дархан Г.Ганхүү гэдэг хүн бий. 16 настайдаа багшдаа хадаг барьж шавь орж байлаа. Багш маань дархны эрдмээс гадна монгол жаяг ёс, монгол дархны ёс зүй гэдгийг зааж өгсөн. Мөн зураач, барималч Намсрай, дархан Батзориг, Батжаргал, эдийн засгийн ухааны доктор Гомбо нарын олон сайхан багш бий.

-Багш тань монгол дархан ямар ёс зүйтэй байх ёстой гэж сургадаг байв?

-Энэ олон кг мөнгө, олон лан алт, төрөл бүрийн эрдэнийн чулуун дунд сууж, эднээр тансаг сайхан эдлэл хийнэ гэдэг буянтай хүний ажил. Өвөг дээдсээс үе дамжиж ирсэн үнэ цэнэтэй, эрхэм нандин зүйлээ авчирч юм хийлгэж байхад нь дархан хүн асар хариуцлагатай хандах учиртай. Алдаж асгаж, эвдэж хэмхэлж, сольж хольчих вий. Хүний өгсөн алт, мөнгөний хэмжээ нь адилхан байсан ч хооронд нь сольж, хольж болохгүй. Өөрийнх нь юмаар л хийж өгч бай. Нүнжигтэй юм хийж өг. Нүд хуурсан, нимгэн хуурамч юм хийж өгч болохгүй гэж сургасан.

Сайн багшаар дархны эрдэм заалгасных, би аливаа зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Сэтгэлээсээ хийсэн зүйл сайхан бүтээл болдог юм. Илүү ашиг олъё гэж бодож хийвэл олигтой болохгүй. Сүүлийн үеийн мөнгөн аягыг хар л даа. Орц нь багасаж, мөнгө нь нимгэрээд мөнгөн аяга биш, бэлэг дурсгалын зүйл боллоо шүү дээ. Шилэн хоргонд тавиад л харж суудаг, эдлэх юм бол цоорчихдог болсон. Энэ бол бизнес хэт хөөсний шинж. Би хийвэл хийсэн шиг хийхийг боддог. Аавын минь өвлүүлсэн эд гээд гаргаад хүнд үзүүлэхэд ичмээр, хаяж болохгүй, авч болохгүй юм хийчихвэл дархан гэж яваад яах вэ.

-Ихэвчлэн ямар бүтээл хийдэг вэ?

-Эхлээд багштайгаа хамтарч бөхчүүд, уяачдын малгайн оройн титэм, тэмдэг хийдэг байсан. Дараа нь аяга хийдэг болж, “аяганы Пүүжээ” гэдэг нэр авсан. Бас бүс хийсэн. Одоо бол эмээл, хазаар, аяга, бүс гээд уламжлалт хэрэглээний эдлэлийг түлхүү хийж байгаа. Сүүлийн үед чулуу сонирхож, хөөрөг хийж байна. Өөрсдөө чулууны цехтэй болсон.

-Алт мөнгөний дархны сонирхлыг чулуу юугаараа татав?

-Дэлхий нийтээрээ чулууг сонирхож байна. Чулуу бүхэн өөрийн энергитэй. Үүнийг атгахад байгалийн энерги авах шиг санагддаг. Дэлхийн сайн чанарын мана Монголд байдаг. Гэтэл хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэж чулууг үнэгүй шахам гадагш нь зөөж байгаад харамсдаг. Хөрөг гэдэг дээшээ харсан сав. Хөөрөгний хэлбэр хийц, донж маяг нь дахин давтагддагг үй. Би хөөрөгний эх орон Англид үзэсгэлэн гаргах юмсан гэж мөрөөддөг.

-Дархны газарт чинь хэдэн дархан ажилладаг вэ?

-Би нэг ахтай, гурван дүүтэй. Ах, дүү нартайгаа нийлж, Урт цагаан дээр алт мөнгөний дархан хийж байлаа. Бид энэ хавиар подваль түрээсэлж, олон жил явсан. Тэгээд өнгөрсөн жилээс компани байгуулж, “Хөөрөг” гэдэг дэлгүүр нээсэн. Бид Урт цагааны орчимд 20-иод жил болж байгаа. “Дассан газрын даавуу зөөлөн” гэж эндээ л баймаар санагддаг юм. Дархны газраа өргөжүүлж, 20 орчим дархан ажиллуулж байна. 10-аад хүүхэд дагалдуулж сургаж байгаа. Хүүхэд залууст дархны эрдэм зааж сургаж, сайхан юм хийе, сайхан амьдаръя гэсэн хүсэл зорилготой хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн байна. Сүүлийн үед бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлаад байх шиг. Зүгээр сууж байгаад хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй хүн олон байна. Залуус хөдөлмөрлөж мөнгө олохын амтыг мэдрээсэй. Юм хийж байгаа хүнийг одоо үнэлж эхэлж байна. Ажил хийж байгаа хүний амьдрал дээшилж байна шүү дээ.

-20-иод жил дарх хийхдээ хэчнээн бүтээл урласан бол?

-Дунджаар 7-8 мянган хүнд юм хийж өгсөн. Манайх баярын үеэр их ачаалалтай болчихдог. Намайг дарх хийж эхэлсэн үеэс үйлчлүүлсээр ах дүү шиг болчихсон байна ирдэг хүмүүс олон. Тэд маань баярын үеэр цагийг нь тулгаж ирээд “Чамайг л зориод ирлээ” гэхэд үгүй гэж хэлж чадахгүй их хэцүү байдаг. Бид цөөхүүлээ, үйлчлүүлэгч олон болохоор амжихгүй. Нэг уйтгартай нь баяр ёслолын үеэр гэртээ байж чаддаггүй. Захиалгад дарагдчихаад дархны газартаа сууж байдаг.

-Танай брэнд бүтээгдэхүүн “Бадар хундага” гэж гоё аяга байдаг тухай сонсож байсан?

-Бадамлянхуа цэцгэн хэлбэртэй алтан аяга байдаг юм. Дотор ёроолд нь ирээдүй, урт удаан амьдралыг бэлгэдсэн тугалан заан товойлгож хийсэн. Аяганд сархад хийхэд заан нь хөдөлж буй мэт харагддаг юм.

-Бүтээлүүдээрээ үзэсгэлэн яармагт оролцдог уу?

-Тун цөөхөн оролцсон доо. Толгой өндийх завгүй ажилтай сууж байтал үзэсгэлэн яармаг болоод өнгөрчихдөг юм. Манайх “Шилдэг үйлдвэрлэгч” гэсэн өргөмжлөл, цом авч байсан.

-Бүтээлүүдийнхээ загварыг яаж гаргадаг вэ. Хүмүүсийн захиалснаар хийх үү?

-Онгод орно гэдэг нь ч юм уу, сэтгэлийн баяслаар гоё санаа орж ирэх үе бий. Гоё чулуу харахад ч юм уу, үнэхээр гоё юм хийлгэе гэсэн сайхан энергитэй хүн ирэхэд сэтгэл хөдөлдөг. Хэчнээн дараалалтай байсан ч хамаагүй, хүлээж байгаад хийлгэе, ийм л гоё юм хийлгэмээр байна гэсэн хүн орж ирэхэд сайхан санагдаж эрч хүч авдаг. Хүн тэгж орж ирэхэд муу юм хийж өгч болохгүй шүү дээ.

-Үйлдвэрлэл эрхлээд явахад бэрхшээлтэй зүйл тохиолдож байна уу?

-Монголд сайхан юм үйлдвэрлэвэл авч эдэлье гэсэн хүмүүс байна. Харин сайхан эд хийдэг уран бүтээлч нь цөөдөөд байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлье, хүн ажилд авъя гэхээр шаардлага хангах хүн ирэхгүй юм. Уг нь манайх тийм өндөр шаардлага тавьдаггүй шүү дээ. Сайн ажилладаг залуус Солонгос руу явж, тэнд эрүүл мэндээ золиослон хамгийн хүнд хэцүү ажлыг нь хийж байна. Монголдоо илүү ихийг бүтээх боломж байсаар байтал өнөө маргаашийн 2-3 мянган долларын цалинд хууртаж тийшээ явмааргүй санагддаг. Энэ газар нутгийн эзэд нь ийш тийшээ тарж яваад, гаднынхан нутагт маань эзэн суучихаад байна шүү дээ.

Сайхан амаръя гээд хөдөө явахаар гадаадын компаниудын лицензтэй талбай гээд хөөж туугаад тайван ч явуулахгүй болсон байна билээ. Заримдаа энэ газар шороо хэнийх вэ гэдэгт эргэлзмээр болчихоод байна. Сар бүр 21 мянган төгрөг тарааж байхын оронд орчин үеийн томоохон үйлдвэр байгуулчихвал улс орон, ард түмэнд хэрэгтэй шүү дээ. Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөг Монголын дархчууд цутгаж чадна. Даанч цутгуурын ганц ч үйлдвэр байхгүй болохоор Хятадад цутгуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Ингэж байтал а ш и г т малтмал, алт, нүүрс маань дуусвал яах вэ.

Нэг өдөр хятадууд монголчуудыг визтэй оруулдаг боллоо гэвэл яах вэ. Ганц гайгүй гутлын үйлдвэргүй юм чинь олон хүн гуталгүй явах болно доо. Надад хийе, бүтээе гэсэн их хүсэл байна. Монгол дээл, гутлын үйлдвэр байгуулмаар байна. Өөрөө бүх зүйлийг хийж өдий хүрсэн болохоор бүгдийг хийчихмээр санагдах юм. Би одоо томоохон үйлдвэр байгуулмаар байна. Гэтэл надад зээл олдох уу, үгүй юү. Манайх банк бус санхүүгийн байгууллагаас л зээл авч байснаас банкнаас зээл авч байгаагүй. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл гэдгийг нь авахын тулд олон шат дамжиж, олон хүнээр гарын үсэг зуруулдаг. Амар олдохгүй юм билээ.

Х.Уянга