1 Feb 2012

''Асашёрюү Д.Дагвадоржид Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн хар хөөрөг бий''


''Асашёрюү Д.Дагвадоржид Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн хар хөөрөг бий''
Энэ удаагийн зочноор бид сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан Урт цагааны баруун урд талд байрлах "Хөөрөг" үнэт эдлэлийн дэлгүүрээр орж, Монгол дархны ур ухааныг үе залгамжлан авч яваа эгэл жирийн Д.Пүрэвсүрэн гэх нэгэн залууг урьлаа. Сар шинийн баяраар хөөрөг зөрүүлэн мэндлэх түмэндээ доорх энгүүн ярилцлагыг хүргэж байна.

-Нэг үеэ бодвол хүмүүс Монгол хувцас, эд зүйлсээрээ гоёж гангалах дуртай болжээ?
-Монгол хүн болж төрснийх үндэстнийхээ соёл уламжлалаар бахархах хэрэгтэй. Монгол дээлээ өмсчихсөн, мөнгөн аяганд цайгаа уугаад суух сайхан шүү дээ. Цагаан сарын үед хөөрөгтэй хүний өөдөөс гар хоосон мэндчилэх их муухай байдаг. Ер нь цагаан сараар сайхан монгол гоёлтой хүний хажууд орос хувцастай хүн жулддаг шүү. Хэрвээ Монгол хүн өөрөө монгол гоёлоор гоёсон бол өөрийн эрхгүй цээж тэнэгэр, харц дээгүүр болдог. Энэ чинь л Монгол хүний бардамнал, бахархал шүү дээ.

-Хөөрөгний хийц их сонин санагддаг юм. Жижигхэн амсартай атлаа дотроо том орон зайтай. Яаж хийдэг юм бол?
-Хөөргийг амнаас нь алмаазан ирнүүдээр ухна. Эхэндээ чадвар, сүүлдээ мэдрэмж маш чухал байдаг. Хүн хичээнгүй хөдөлмөрлөж, сэтгэл гаргавал юуг ч сэтгэж хийж чадна. Манайхан Өлзийт хороололд урлантай байсан юм. Тэгээд тийшээ очиж дарх хийнэ гэж байгаад баримлын шавраа мартаад оччихож. Ганцхан баримлын шаврын төлөө буцаад явалтай нь биш. Тэгээд шар шавар, тос гээд хэрэгтэй бүхнийг олж байгаад баримлын шавар хийж байлаа. Хийхийг хүсвэл бүтэхгүй зүйл гэж байхгүй л дээ.

-Харин хөөрөгний чулууны хувьд?
-Дэлхий ертөнц дээр их олон төрлийн чулуу байдаг. Дэлхийн хамгийн шилдэг номин Афганистанд, хаш нь Оросод, пийсүү Бирмд, харин хамгийн шилдэг мана бол Монголд байдаг. Гэхдээ Афганистанд юм уу, Бразильд мана байгаа боловч хамгийн элбэг тархацтай нь Монгол байдаг. Хятад гэхэд л чулууны 5000 жилийн түүхтэй. Бид Хятадад очиж технологи сонирхож байсан. Дархан хүн бүр өөрийн өвөрмөц хийцтэй байдаг. Урласан зүйлийг нь “Ямар зүлгүүрээр яаж өнгөлөөд байнаа” гээд асуухад л “мэдэхгүй ээ, энд байгаа 30 хүн өөрсдөө ямар нэгэн аргаар өнгөлж л байгаа” гэдэг. Тэр хүмүүс нь өөр өөрийн технологийг хадгалаад олон үе дамжчихсан нь ч бий. Жишээ нь тэнд байгаа /сурв: өрөөнд байсан эмээлийг заав/ эмээлийн нинжин гөлмийг хятадын Няньжин хотод хийсэн шиг байгаа юм, нэрнээс нь харахад. Гэхдээ энэ гөлмийг хийдэг технологи нь өнөөдөр байхгүй. Мэддэг хүн байхгүй болчихсон. Технологи нь байхгүй болчихсон учраас нэг сая байсан үнэ нь 13 сая төгрөг болоод өсчихсөн. Хятадад очоод асууя гэхээр хэн ч мэдэх юм, бүү мэд. Тэгэхээр дархан хүний үе дамжсан технологи гэдэг бол гайхалтай л даа.

-Дархан хүн бүр өөрийн хийцтэй байдаг гэснээс манайхан дарьганга хийц, батноров хийцийн ялгаа нь юундаа байна?
-Нутаг нутагт нэг сайхан дархан байхад тэр хүнд шавь орж технологийг нь сурч уламжилдаг. Дарьганга, Ноён сэврэй хийцvvд аяганд, Батноров, Боржигон хийцvvд эмээлэнд, Далай чойнхорын хийц ган сийлбэр, хэт хутга, толгойн хэрэглэлд илvv тодорсон давтагдашгvй хийц найруулгатай байдаг. Хээний хувьд Дарьганга гэхэд давхар хээгээрээ алдартай. Наанаа хээ байхад цаана нь бас хээ харагддаг. Батноров хийц гэхээр бат бөхийн билэг тэмдэг болгож сүлжиж хийдэг. Ноён сэврэй хийц гэхэд цул мөнгөөр хийдэг. Нүнжигтэй гэдэг дээ. Дарьганга хийцийн аяга таван лан байхад, Ноён сэврэй хийцийн аяга 15 лан байх жишээтэй. Далай чойнхор вангийн хошуу, Архангайн тийшээ гэхэд модоор урладаг, өндөр түвшинд ган сийлбэр хийдэг. Жишээ нь, манайх бол хөөрөгний нуухыг дээд түвшинд хүртэл хийлээ. Нуухны ул нь гэхэд л өнө мөнх, бат бөхийн илэрхийлэл нацагдоржоор хээлж, ноён сэврэй хийцээр бөгжийг нь хүрээллээ. Энэ нь мөнхөд ноён байхын билэгдэл юм. Халбага нь зааны соёогоор хийсэн. Энэ нь амар амгаланг илэрхийлсэн байдаг. Толгойг нь шүрээр хийсэн. Шүр бол хүнд аз жаргал өгдөг гэдэг.

-Аль нутагт ямар чулуу элбэг вэ?
-Монгол Улсад энд тэндгүй сайхан чулуу бий. Усан болор, утаат болор, мана, маргад эрдэнэ гээд. Өвөрхангай аймгийн Богд сум гэхэд Арц богд гэдэг газар гайхамшигтай чүнчигноров, гартаам, мана бий. Дорноговь гэхэд тэр чигтээ манын уурхай байна. Бороо орсны дараа газар өнгө өнгөөрөө гялалзаад л. Гайхалтай сайхан. Гэхдээ газар гоё өнгө өнгөөрөө харагддаг ч гэсэн хагарал ихтэй. Таван тонн чулуунаас нэг хөөрөг гарсан тохиолдол ч бий. Гэтэл аргалын чинээ ганцхан чулуунаас хөөрөг гарсан тохиолдол ч бий. Юм гэдэг чинь сонин шүү дээ. Монгол гэхдээ чулууны түүх их багатай. Ер нь мана яваандаа их үнэтэй болно гэсэн яриа бий. Хэрэглээ ихтэй болохоор ховордох нь байна.

-Хөөрөгний хэлбэр хийц нь цаг үеэ дагаж өөрчлөгдөх үү?
-Мананы хэлбэр гэж тусдаа хэлбэр бий. Цүдгэрдүү. Хашны хэлбэр гэхэд өөрөө барын цагаан гээд хэлбэртэй. Цэмцгэрдүү хавтгайдуу байдаг. Ер нь тухайн чулууныхаа өөрийн хэлбэрээр нь хийхэд илүү гоё зохимжтой харагддаг.

Сурв: Биднийг ийнхүү ярилцаж байх зуур түүний ажлын өрөөнд хүн байнга орж гарна. А.Сүхбат аварга хүртэл хөөргөө барьсаар орж ирээд гарна лээ.



Мөн биднийг ийнхүү ярьж байх зуур гаднаас хөөрөг барьсан нэгэн хүн орж ирж, элдвийг асуусаар гарсан юм.

-Та саяын хүний хөөргийг их олон жилийн настай байна гэж хэллээ. Хэдий үеийнх юм шиг байна?
-Дунджаар 300 жилийн настай хөөрөг байна. Хөөрөгний хэлбэр хийц нь өөрөө цаг хугацаагаа тодорхойлдог. Жишээ нь 1600-д оны үеийн хөөрөг ёроолгүй, бондгордуу хэлбэртэй байдаг. 1800 оны үеийнх нь мөртэй, ёроолтой, ам нь хонхор илүү уран болсон байдаг. Тэгэхээр 300 жилд юу эс тохиогоо аж. Сэв доргиогүй, их нямбай эдэлсэн байна. Хуучны хөөргүүд ихэнх нь доргиотой, цав орсон байдаг. Социализмын үед хөөргийг хэн ч тоохоо байгаад хүүхдүүд тоглодог байж. Тийм үед юмны цаад учрыг гадарладаг нямбай чамбай хүн хөөргийг их сайхан хадгалж, үр удамдаа үлдээж чаддаг байх нь. Хөөрөг сэвгүй байх тусмаа үнэтэй. Ямарваа нэгэн чулуу хагаралтай, сэвтэй байвал 80 хувь нь үнэгүйддэг. Дэлхийн хаана ч хагарал, сэвтэй чулууг “амьдрал сэвтүүлнэ” гэдэг байдлаар тийм ч дуртай биш ханддаг.

-Ер нь таны мэдэж байгаагаар эртнээс уламжилж ирсэн хөөрөг хэр олон бий вэ?
-Монголын буян үнэхээр их юм. Олон сайхан хөөрөг бий. Нутаг ус бүрт үе дамжсан сайхан хөөрөг заавал байдаг. Тэрийгээ их сайхан хадгалж ирсэн. Жишээ нь Асашёрюү Дагвадоржид Манлай баатар Дамдинсүрэнгийн хар хөөрөг бий. Гайхалтай ур хийцтэй. Улаан загалмайн нийгэмлэгийн ЕНБД Самдандовж гуайд гартаамны дээд болсон “их эрдэмтэй” гэж ярьдаг солигддог зураг шиг өнгө нь хувирдаг гайхалтай хөөрөг бий. Тэр хөөргийг барихад хэзээ ч уйдахааргүй. Гэх мэт их олон хүний нэр дурьдах юм шиг байна.



-Тэгвэл хамгийн өндөр үнэтэй хөөрөг гэвэл?
-Үнэлэгдэшгүй. Хэдээр ч зарж, авч болно. Ховор нандин бүтээлд үнэ хэлнэ гэдэг хэцүү. Зарим хүн “миний хөөргийг үнэлээд өгөөч” гэдэг юм. Хэлэх боломжгүй, би мэдэхгүй гэхээр заавал хэл гээд болдоггүй. Тэгэхээр нь би “дунджаар 30 мянган төгрөгөөс 300 сая хүрнэ гэж л хэлэх юм байна даа” гэдэг юм. Хэн барьж байсан бэ гэдгээс хөөрөгний үнэ бас шалтгаална. Зөв сайхан энергитэй хүний хөөрөг үнэ цэнэ өндөртэй. Буруу гараар орсон хөөрөг бол үнэ муутай гээд сайн, муу зүйл байна.

-Аливаа бүтээлийн насжилт үнэд бас их нөлөөлдөг байх?
-Би нэг Баянхонгорын Баян-Өндөр, Баянцагаан сумдаар 97, 98 оны үед дарх хийж байсан юм. Тэр үед Баянцагаан суманд Дамба гээд сайхан хүн байлаа. Тэр хүн биднийг урт цагаанд байхад гурван хөдөлдөг луутай, ёроолдоо эвтэй дөрвөн амьтантай аяга хийлгэсэн юм. Би багахан байсан болохоор их сонирхолтой хийж байсан. Тэгээд дөрвөн жилийн дараа хөдөө явж байгаад намайг “ирээрэй” гэсэн нөгөө ах дээрээ очлоо. Тэгээд нутгийнхан ирээд “тэрний хийсэн тэр гайхалтай, тэр ийм учиртай” гээд л хууч хөөрлөө. Тэгсэн нөгөө ах аягаа гаргаж ирснээ “за энэ бол Дарьганга хийцийн аяга байгаа юм. Одоо ингэж хийдэг хүн байхгүй ээ” гэж байна. Мань хүн нутаг усныхандаа тэгж хэлсэн юм байлгүй. Гэхдээ л тэгэхэд надад их сайхан санагдаж “мөн ч гоё аяга юмаа” гэж хэлж байлаа.

-Яагаад. Таны хийсэн зүйлийг тэгж ярих нь онцгүй биш гэж үү?
-Яахав, харахад би жаахан хүүхэд шиг санагдсан байх л даа. Тэгээд хүмүүс хуучных гэж ярихаар үнэтэй санагддаг. Надаар ээмэг, бөгж хийлгэсэн хүмүүс “Бээжинд хийлгэсэн, Германд явж байгаад хийлгэсэн” гэж ярьдаг. Хийлгэсэн хүнээ зааж өгдөггүй. “Та нэг зүүгээд хүрээд ирээч” гэхээр “яах юм, чи санаад хүнд адилхныг хийгээд өгчихнө” гэдэг ч хүн бий.

-Уучлаарай, таны ярьж буйгаас тэрслүүд гэмээр зүйл асууя. Хөөрөг гэх мэт эдийн засгийн эргэлтгүй үхмэл хөрөнгөнд яагаад хүмүүс сая саяар нь мөнгө зардаг юм бол. Гэтэл бизнес эрхлээд хүмүүсийг ажлын байраар хангах ч юм уу өөр эерэг ашигтай зүйлд мөнгө зарж болмоор юм шиг?
-Дэлхий даяар үнэд ороод байна л даа. Зарим хөөрөг 50-100 сая хүрч байна. Жил ирэх тусам үнэ нь өсдөг, ямар ч эрсдэлгүй хөрөнгө. Сая Гонконгийн бирж дээр 13 кг-тэй хаш чулуу 13 сая доллараар зарагдлаа. Яахав, янз бүрийн бизнес хийх юмсан гэдэг бодол төрдөг л юм. Гэхдээ хүн чаддаг юмаа л хийх ёстой. Угаасаа тийм бодол төрдөг нас бий л дээ. Бүхнийг хийчихэж болохоор юм шиг тийм нас бий. Надад ч байсан /инээв/.

-Монгол дархчуудын уналтын үе байв уу?
-Байлгүй яахав. Саяхан болж өнгөрсөн санхүүгийн хямралын үед бид мөнгөн бүсийг ид үйлдвэрлэгч байлаа. Манай хийсэн аяга, бүс их нэр хүндтэй сайн зарагддаг байсан юм. Тэгэхээр нь Өлзийт хороололд нэг байшин худалдаж аваад, тэндээ үйлдвэрлэлийн орчин бүрдүүллээ. Тэгээд бүсээ хийгээд эхэлсэн чинь яг санхүүгийн хямрал таараад юун бүстэй манатай боллоо. Тэгээд битүүний урд өдөр ажилчдынхаа цалинг өгөөд халаасандаа 30 мянган төгрөгтэй үлдэж байсан. Арван мянгаар нь аавтайгаа золгоно, арван мянгаар нь хадамтайгаа золгоно гээд л. Битүүний өдөр цагаан мөнгөө зарах гээд явсан чинь авах ч хүн байдаггүй, тэгээд маш хямдхан зарж байж цагаан сарыг өнгөрөөж байлаа. Хүмүүсийнхээ цалинг өгчихсөн болохоор сэтгэл арай гайгүй шинэлсэн дээ.

-Дараа нь санхүүгийн хямралаа хэрхэн даван туулж байв?
-Бид тэр үед өөрсдөө их зөв байсан болохоор хүмүүс биднийг хүлээж авсан болов уу. “Би ийм зүйл хийсэн. Та авах боломж гарвал аваач” гэхэд татгалзахгүйгээр биднийг дэмжиж байсан. Санаа зөв бол заяа зөв гэж их үнэн үг юм. Хэрвээ би хэн нэгэн хүнд муу зүйл хийж өгөөд, хуурч гомдоосон бол хэн ч наашаа харахгүй нь байна. Олонтой байх их сайхан. Хүнд хэцүү үе тулгарахад даваад гарахад туслаж, дэмжих олонтой байдагтаа би тэр бүх хүмүүст баярлаж явдаг.

-Ер нь энэ салбарт ажиллахад хэр хүндрэлтэй вэ?
-Манай улс жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмждэг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо гадуур туркийн мөнгөн ээмэг, бөгж гэхэд л сорьцондоо хүрч байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй зах зээлийг эзэлчихсэн байна. Гэтэл бид Оросод үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гээд очиход нэг төрлийн бараа бүтээгдэхүүн хоёроос дээш тоогоор оруулна гэвэл 10 дахин нугалсан үнэтэй татвар төлнө гэж байгаа юм. Энэ бодлого нь дотоодынхоо үйлдвэрлэгчдийг дэмжиж байна. Туркийн өндөр хөгжсөн технологиор хэдэн мянга, саяар нь цацсан 30 мянгын ээмэгний дэргэд бид хэчнээн нарийн ээмэг, зүүлт хийсэн ч 80 мянга гээд зогсож байх нь утгагүй болчихоод байгаа юм. Тэгээд манайхан чинь сорьцгүй бол хураана, сорьц дарахад нэг ээмэг бөгжинд 1500 төгрөг нэмэгдэнэ гээд л. Ингээд олон талаас шахалт ирээд байхаар ямар ч хүн үйлдвэрлэл явуулах боломжгүй болж ирдэг. Тэгэхээр бид уламжлалт зүйлээ л хамгийн сайн хийе. Бидний уламжлалт зүйлийг япон хүн, турк хүн хийж чадахгүй. Тийм учраас хэт хутгаа, эмээлээ, хөөргөө хийе. Ингэвэл бас нээлттэй болоод эхлэж байгаа юм. Бас дандаа л төр засгаа муулаад, хараад суухын оронд гарц хайх хэрэгтэй.



-Таны мөрөөдөл?
-Ийм олон сайхан уран дархчуудтай нэгэн үе хамт амьдарч байгаадаа өөрийгөө азтай гэж боддог. Миний анхны багш Намсрай гээд Гар урлалын үйлдвэрт хөөмийлчин, ган сийлбирчин байсан. Миний дархны минь хадаг барьж орсон багш маань Монгол Улсын начин, алдарт уяач Гарамжавын Ганхүү гэж хүн бий. Тэр багш маань сайн сайхан бүхнийг надад зааж өгсөн. Оргодол гээд их сайн дархан хүн бий. Мандухай цэцэн хатан киноны эд зүйлсийг хийж байсан. Гээд их олон хүн бий. Бид цаг нарыг умартаад заримдаа их юм яринаа. Тэгэхээр энэ сайхан хүмүүсийн бүх чадварыг багтаасан нэг гайхалтай зүйлийг хийх юмсан. Оргодол, Наянжин, Батсүрэн, Намсрай гээд өөр өөрсдийн ур чадварын онцлогоороо алдартай энэ хүмүүсийг нэгтгээд Дэлхийн долоон гайхамшгийн нэг Тажмахал шиг Монгол гэрийг гайхалтай сайхнаар бүтээх юмсан гэж мөрөөддөг юм. Гэр нь эрдэнийн чулуун чимэгтэй, чүнчигноров ширээтэй, оюу номин сандалтай, хананы хадааснууд нь бүгд оюу, хаалга нь бүхэлдээ эрдэнийн чулуугаар хийчих юмсан, гайхамшгийг бүтээх юм сан. Гэхдээ үүнд бас их нарийн зохион байгуулалт хэрэгтэй юм. Бас их зөв сэтгэлтэй хүмүүстэй нэгдэх хэрэгтэй юм. Ийм л зүйлийг мөрөөддөг дөө.

-Харин таны амьдралдаа баримталдаг зарчим?
-Би олонтой сайхан нөхөрлөөд, хүн гомдоохгүй юм сан, сэтгэлд дутуу юм хийхгүй байх юмсан гэж боддог. Тэнд нэг жоохон юм дутуу даа, гээд яаруу сандруу хийгээд өгчихсөн байхад очоод хоол идэхэд ч хэцүү. Хаана салж унаж байгаа бол гэдэг ч юм уу, бүр ургуулан бодогдоод байдаг. Энэ ертөнцийг бид хамт л туулах учраас нэгнийгээ гомдоох хэрэггүй юм. Хүн гэдэг бол сэтгэлийн амьтан шүү дээ.

Дашрамд сонирхуулахад, эдний хамт олон хоёрдугаар сарын 1-ээс цагаан сарыг хүртэл өөрийн урласан хөөрөг, алт, мөнгөн аяга, хөөрөгний халбага нуухаа үзүүлсэн “МОНГОЛ ХӨӨРӨГ-2012” үзэсгэлэн худалдааг өөрийн дэлгүүр дээрээ зохион байгуулах юм байна.

Ярилцсан О.Ариунбилэг